Бидний тухай “МАТЕРИАЛИМПЭКС” ХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“МАТЕРИАЛИМПЭКС” ХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр барилгын байгууллагуудын материалын хангалтыг нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлж байх үүрэг бүхий байгууллагыг анх 1957 онд байгуулсан нь одоогийн Материалимпэкс Хувьцаат Компани юм. Одоо тус компани нь 80 шахам ажиллагсадтай, 5 хэлтэстэй, 2 охин компани, 1 төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хадгалсаар ирсэнээс гадна 65 жил ажиллаж байгаагийн хувьд мэргэжлийн боловсон хүчин, материаллаг баазаар бүрэн бэхэжсэн.

Материалимпэкс ХК нь 1957 онд үүсгэн байгуулагдахдаа зөвхөн барилгын материалыг хүлээн авч, төвлөрүүлэн түгээх үүрэгтэй байсан бол өдгөө гадаад дотоод худалдаа, барилга, улс хоорондын тээвэр зуучлал, аялал жуулчлал, ажлын байрны түрээс, агуулахын аж ахуй гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болтлоо өргөжин хөгжжээ.

Манай компанийн эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдийн найдвартай түнш байж, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар улс эх орон, нийслэл хотын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, улмаар ажиллагсдынхаа бодит орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох, компанийн хөрөнгө санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход оршино.

Бүтэц зохион байгуулалт

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол оронд барилгажилт өрнөж эхэлсэн үе буюу 1950-иад оны дунд үеэр барилгын байгууллагуудыг материалаар хангах ажлыг нэгэн цэгт төвлөрүүлэн зангидах зорилгоор байгуулагдсан Материалимпэкс ХК эдүгээ хагас зуун жил гаруй болж байна.
Түүхэн хугацаанд тус байгууллагын үе үеийн удирдлага, хамт олны хүчин зүтгэлээр хөгжин бэхжисээр 1999 онд бүрэн хувьчлагдаж зах зээлийн шударга өрсөлдөөний зарчимаар үйл ажиллагаагаа явуулж, үйлдвэрлэл үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэн барилгын материалын худалдаанаас гадна барилга угсралт,барилгын материалын үйлдвэрлэл,зарим нэр төрлийн хүнсний барааны худалдаа, улс хоорондын тээвэр зуучлал, аялал жуулчлал, агуулахын аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Манай хамт олон ажил үйлсээрээ Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж, Нийслэлийн найдвартай татвар төлөгчөөр удаа дараалан шалгарч байсан бөгөөд бид өөрийн байгууллагыг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Энэ байгууллагыг үүсэн байгуулагдах үеэс эхлэн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоог хүртэл ажиллаж байгаа баг хамт олон, гадаад дотоодын харилцагч байгууллага, иргэд, хувьцаа эзэмшигчид та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол оронд үйлдвэр, иргэн, орон сууц, нийтийн аж ахуй, хөдөө аж ахуйн барилга байгууламжийг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх талаар нам, засгаас тавьсан зорилтыг хэрэгжүүлэх, Зөвлөлт Холбоот Улс ба социалист бусад орнуудаас зээл, тусламжаар болон худалдааны шугамаар авч байсан, түүнчлэн дотоодын үйлдвэрүүдээс гаргаж байсан барилгын материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг захиалах, хүлээн авч хадгалах, хэрэглэгч байгууллагуудад нийлүүлэх ажлыг эрхэлсэн байгууллагыг МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1957 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 108 тоот тогтоолоор, Гадаад Худалдааны Яамны харъяанд “Техник Туслалцааны Бааз” нэртэйгээр бий болгосноор одоогийн Материалимпэкс Хувьцаат компани гэдэг байгууллагын үндэс суурь тавигджээ.

Одоогийн бидний эзэмшиж буй газарт байрлаж байсан, Зөвлөлтийн улаан армийн 505 дугаар ангийн, Майор Банников даргатай хангамжийн бааз эх орон руугаа буцах болж, энэхүү баазын ашиглаж байсан 3253109,69 төгрөгийн 3 салаа зам, 5 модон агуулах, газар земляник, конторын жижиг байрууд нь шинээр байгуулагдсан энэхүү баазад шилжсэнээр тус байгууллагын материаллаг баазын эхлэл тавигджээ.

Техник туслалцааны бааз нь үүсэн бий болохдоо 508,0 мянган төгрөгийн үндсэн, 4,5 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгөөр цехийн орон тоо 10, санхүүгийн ажилчид 9 үндсэн ба туслах ажилчид 170-тайгаар ажилдаа эхлэн орж байснаас үзэхэд тухайн үедээ төр засгаас онцгойлон анхаарч үзэж буй болгосон улсын томоохон аж ахуйн нэгж байсан нь харагддаг юм.

Энэ үед ЗХУ, БНАГУ, БНСЧУ, БНАСАУ, БНХАУ, БНУАУ-аас голчлон тоног төхөөрөмж, барилгын материалууд нийлүүлэгдэж байсан бөгөөд нэг, хоёрдугаар 40000-тын орон сууц, гүн хэвлэлийн үйлдвэр, нийгэм ахуйн усан хангамжийн барилга байгууламжууд, цахилгаан станцын 3, 4, 5-р өргөтгөл, 1000 машины засварын газар, Завхан аймаг, Төв аймгийн Чандманийн тэжээлийн аж ахуйн трактор засварын газар, Улаанбаатар, Увс, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын гурилын үйлдвэрүүд, Ерөө, Хараа, Увс, Тосонцэнгэлийн модны үйлдвэрүүд, Налайхын шинэ тосгон, Улаанбаатар-Налайхын өндөр хүчдэлийн шугам зэрэг томоохон барилга байгууламжууд хийгээд улсын хэмжээнд баригдаж байсан орон сууц, соёл ахуйн үйлчилгээний бүх барилга байгууламжуудад шаардагдах материал, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч нийлүүлж байсан цорын ганц төрөлжсөн байгууллага болж байсны хувьд улс орны хөгжил цэцэглэлтэд түүхэн үүрэг гүйцэтгэснээс гадна үндсэндээ материалгүйгээр барилга баригддаггүй утгаараа барилгын байгууллага юм.  Барилга байгуулалтын ажлын хэмжээ өсөн нэмэгдсэний зэрэгцээ хангамж, хэрэглэгч байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах үүднээс тус баазыг Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Улсын Барилгын Хорооны харъяалалд шилжүүлсэн байна.  Энэ нь барилга байгууламжийг барих асуудал, түүний материал техникийн хангалтын асуудлыг нэг удирдлагад төвлөрүүлсэн зөв зүйтэй арга хэмжээ болж, хөрөнгө оруулалт, барилга угсралт, ялангуяа барилга байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Материалимпэкс ХК үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 11 хүн удирдлагаар ажиллаж байна. Үүнд:

Компанийн харъяалал нэрийн тухай лавлагаа

  • 1999

    12 сар, 18 1999-оос хойш

    Дарга: Баярын Зориг /1999 оноос одоог хүртэл/
    Харъяалал: Үйлдвэр, Худалдааны яам, Барилга, Хот байгуулалтын яам
    Нэр: Материалимпэкс Хувьцаат Компани

  • 1993

    12 сар, 18 1993-1999

    Дарга: Данзангийн Бэгзсүрэн /1997-1997/, Наваанзундуйн Ишдорж /1997-1998/, Луутарийн Бат-Эрдэнэ /1998-1999/
    Харъяалал: Төрийн Өмчийн Хороо
    Нэр: Материалимпэкс Хувьцаат Компани

  • 1987

    12 сар, 18 1987-1993

    Дарга: Моголдойн Нямжав
    Харъяалал: Эдийн Засгийн Гадаад Харилцаа Хангамжийн яам
    Нэр: Материалимпэкс хангамжийн нэгдэл
    1987 онд Материалимпорт нэгдсэн

  • 1974

    12 сар, 18 1974-1987

    Дарга: Ренчинсамбуугийн Жамъянсүрэн /1974-1981 /,  Бамдарийн Дүгэрсүрэн /1981-1985/, Дашийн Норов /1985-1987/
    Харъяалал: Улсын Материал Техникийн Хангамжийн Хороо
    Нэр: Барилгын материал хангамжийн ерөнхий газар

  • 1968

    12 сар, 18 1968-1974

    Дарга: Гомбожавын Ишдорж
    Харъяалал: Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яам
    Нэр: Материал техникийн хангамжийн газар. Энэ нь дотроо хоёр баазтай ажиллаж байсан байна. Үүнд:

    • Барилгын материал техникийн хангамжийн бааз
    • Техник туслалцааны бааз

    1967 онд Комплекс төхөөрөмжийн импорт нэгдлийн харъяанд шилжсэн

  • 1964

    12 сар, 18 1964-1968

    Дарга: Гомбожавын Ишдорж
    Харъяалал: Улсын Барилгын Зөвлөл
    Нэр: Материал техникийн хангамжийн газар. Энэ нь дотроо хоёр баазтай ажиллаж байсан байна. Үүнд:

    • Барилгын материал техникийн хангамжийн бааз
    • Техник туслалцааны бааз

    1967 онд Комплекс төхөөрөмжийн импорт нэгдлийн харъяанд шилжсэн

  • 1960

    12 сар, 18 1960-1961

    Дарга: Пэлжээгийн Нямхүү
    Харъяалал: Барилга, Барилгын Материалын Үйлдварийн Яам
    Нэр: Техник туслалцааны бааз

  • 1959

    12 сар, 18 1959-1960

    Дарга: Пэлжээгийн Нямхүү
    Харъяалал: Улсын Барилгын Хороо
    Нэр: Техник туслалцааны бааз

  • 1957

    6 сар, 22 1957-1959

    Дарга: Чогсом /1957-1958/, Пэлжээгийн Нямхүү /1958-1964/
    Харъяалал: Гадаад Худалдааны Яам
    Нэр: Техник туслалцааны бааз
    1959 онд хөдөө аж ахуйн хангамжийн бааз салсан